ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ БУЮУ ХЭРГИЙН ГАЗАРТ ХИЙХ МӨРДЛӨГИЙН ЦОГЦ АЖИЛЛАГААГ БИЙ БОЛГОХ АСУУДАЛ


Тогоохүүгийн Очирбат
ШШҮХ-ийн Шинжилгээний бүртгэл,
мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа,
ХСИС-ийн докторант

Товч агуулга
Монгол улсад сүүлийн жилүүдэд жилд 20 000 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил л гэхэд 25362 гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээр хэргүүдийн 30 гаруй хувь нь нууц, далд аргаар үйлдэгдсэн бөгөөд хулгай, хүн амины хэргүүд зонхилох хувийг эзэлж байна. Энэ бүхнийг илрүүлэх, шийдвэрлэх явдал нь хэргийн газрын үзлэгийг хэн, хэрхэн зохион байгуулж, ямар техник хэрэгсэл ашиглаж, яаж ажилласнаас шалтгаалдаг болох нь тодорхой.
Энэхүү судалгааны ажлаар хэргийн газарын үзлэг хийх ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг эрж хайхыг зорилгоо.

Түлхүүр үгс: хэргийн газрын үзлэг, хэргийн газрын мөрдлөг, криминалистик, шинжлэн магадлахуй, гэмт хэргийн адилтгалын лаборатори, шинжлэн магадлах лаборатори, хэргийн газрын мөрдлөгийн техник хэрэгсэл, хэргийн газрын мөрдлөгийн инноваци, хэргийн газрыг тодотгон дүрслэх программ, багийн ахлагч, хэргийн газрын мөрдөгч, магадлах гэрэл зурагчин
Key words: crime scene investigation, criminalistics, forensic science, crime laboratory, forensic laboratory, crime scene collection equipment & supplies, innovations in crime scene investigation technology, crime scene reconstruction software, team leader, crime scene investigator, forensic photographer

Удиртгал
Хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хуулиар хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэж байгаа боловч тулгамдсан асуудлууд энэ салбарт оршсоор байна. Энэ бүхэн зөвхөн өнөөдөр бий болоогүй олон жил ужгирсан тогтолцооны үр дагавар болсоор ирсэн нь практик байгууллагын алба хаагчдад өдөр тутам тулгарч байдаг бэрхшээлээс тодорхой харагдана. Хэдийгээр 2002 онд эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн 2 дахь давалгааг цогцоор нь эхлүүлэн, олон хуулийг үзэл баримтлалын хувьд эрс өөрчлөн, түүнийг дагасан тогтолцоог бий болгохоор зорьж байгаа боловч олон саад бэрхшээлтэй тулгарч байгаа нь ажиглагдаж байна. Энэхүү шинэтгэл зогсонги байдалд орсноороо эрх зүйн хямралт байдлыг бий болгохоор байна. Эдийн засгийн хямрал нь бүх хүн амд мэдрэгддэг, энэ хэрээрээ даруй сайжруулахыг анхааруулсан дохиог эрт өгч эхэлдэг бол эрх зүйн хямралт байдал нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэд, гэмт хэрэгт холбогдогсод, хуулийн байгууллагын алба хаагчдад л мэдрэгддэгээрээ нийгмийн тодорхой салбарт олон жил дарамт болох эрсдэлтэй юм. Иймд эрх зүйн шинэтгэлийг эрдэмтэн, судлаачдын зүгээс дэмжиж, өөрийн орны онцлог, үндэсний аюулгүй байдалтай холбосон судалгаа хийж, санал бодлоо нэмэрлэн чанаржуулах нь чухал байна. Ингэснээрээ өнөөдрийг хүртэл тулгамдсан асуудал болоод байгаа хуулийн байгууллагуудын уялдаа холбоо, бүтэц, зохион байгуулалт, сургалт, хүний нөөцийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэх үүд хаалга нээгдэх юм.  
Энэхүү судалгааны ажлаар хэргийн газрын үзлэг хийх ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг эрж хайхыг зорилгоо.
Улсын хэмжээнд жилд 1960-1980 онд 3-6 мянган гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 1990 он гараад 9-20 гаруй мянган гэмт хэрэг гарах болж, энэ үзүүлэлт огцом өссөн байна[1]. Өнгөрсөн жил буюу 2013 онд 25362 гэмт хэрэг бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл 10000 хүн ногдож буй гэмт хэрэг 87,4 байгаа нь бусад улс орны статистик үзүүлэлттэй харьцуулахад сэтгэл сэрдхийлгэм тоо юм. Тухайлбал Норвеги улсад хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг 100 000 хүн тутамд 0,6 гарсан бол Монгол Улсын хувьд 8,7 ногдож байна[2]. Эдгээр хэргүүдийн 30 гаруй хувь нь нууц, далд аргаар үйлдэгдсэн бөгөөд хулгай, хүн амины хэргүүд зонхилох хувийг эзэлж байна. Энэ бүхнийг илрүүлэх, шийдвэрлэх явдал нь хэргийн газрын үзлэгийг хэн, хэрхэн зохион байгуулж, ямар техник хэрэгсэл ашиглаж, яаж ажилласнаас шалтгаалдаг болох нь тодорхой. Иймд тулгамдаж буй асуудлуудыг хоорондоо уялдаа холбоо бүхий 4 үндсэн чиглэлд хувааж үзлээ.
1.     Эрх зүйн зохицуулалт;
2.     Бүтэц, зохион байгуулалт;
3.     Сургалт, хүний нөөц;
4.     Техник, технологи, инноваци;

1.     Эрх зүйн зохицуулалт
Хэргийн газрын үзлэг хийх, ул мөр, эд мөрийн баримт цуглуулах үйл ажиллагаа Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 7-р бүлэг буюу “Үзлэг, мөрдөн байцаалтын туршилт” гэсэн бүлгийн 126-р зүйл[3], Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 37.1-т заасан хэм хэмжээгээр[4] зохицуулагдаж байна. Мөн шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 9-р зүйлд “гэмт хэрэг, зөрчил гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах” нь цагдаагийн байгууллагын нэг үүрэг байхаар хуульчилсан байна. Эдгээр хуулиар бол
1.     Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар хэрэг гарсан газар үзлэг хийнэ;
2.     Үзлэг хийхэд уг хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтэнг урьж болно;
3.     Уригдаж очсон мэргэжилтэн нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авна;
Эндээс үзэхэд үйл ажиллагааны энгийн дараалал, ойлгомжтой байдал харагдаж байна. Ийм л ерөнхий зохицуулалтаар олон жилийн турш явж ирсэн. Хэргийн газрын үзлэг хийх явцад бий болдог нарийн төвөгтэй олон үйл ажиллагаа тус хуулиудад нийцүүлэн боловсруулсан байгууллагуудын журам, заавраар зохицуулагддаг. Гэвч үнэн хэрэгтээ хуулийг хэрэгжүүлэн ажиллахаасаа илүүтэй тогтсон заншлаар явж иржээ. Өөрөөр хэлбэл, жижүүрийн мөрдөн байцаагч, жижүүрийн шинжээч хэргийн газар очиж хуулинд заасан нэр томъёоны дагуу “үзлэг” л хийж байгаа. Хүний биед хийх үзлэг гэдэг шиг. Мөрдөн байцаагч байгаа байдлыг баримтжуулан бичиж, шинжээч[5] ул мөр, эд мөрийн баримт цуглуулах, зураг авах ажил хийж байна. Уг нь хэргийн газрын үзлэг гэдэг бол хэргийн газрын мөрдлөг[6] байж гэмээ нь тухайн хэргийг шуурхай илрүүлэх боломжийг олгоно.

2.     Бүтэц, зохион байгуулалт
Хэргийн газрын үзлэгийг аймаг, дүүргийн ЦГ, ЦХ-ийн жижүүрийн мөрдөн байцаагч, ШШҮХ-ийн харьяа албадын шинжээч нар хамтран хийж байна. Хэргийн газрын үзлэгийн бүх ажиллагааг мөрдөн байцаагчид гүйцэтгэх эрхтэй. Ийм уламжлал ч бий. Тэртээ 1963 онд криминалист-хэрэг бүртгэгчдийг тусгай программаар бэлтгэж аймгийн Цагдан сэргийлэх ангид хуваарилан ажиллуулж байсан билээ[7]. Криминалист-хэрэг бүртгэгч хэргийн газрын үзлэгийн бүх ажиллагааг дангаараа явуулдаг байжээ. Энэ нь оновчтой зохион байгуулалт байсан болох нь харагддаг. Өнөөдөр хэргийн газрын үзлэг болгонд шинжээчийг оролцуулдаг сэтгэхүйг өөрчлөх шаардлагатай юм. Харин туслах чанарын ажил гүйцэтгэдэг техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг бий болгож хэргийн газрын үзлэгт багаар ажиллуулахаар зохион байгуулах боломж нь одоогийн мөрдөж байгаа ЭБШ хуулиар ч нээлттэй байгаа. Мөн шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 9.2-т Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох эрх хэмжээг зааж өгчээ. Үүний дагуу ЦЕГ-ын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 755 дугаар тушаалаар ЦЕГ-ын бүтцэд Гэмт хэрэгтэй тэмцэх газрыг шинээр байгуулсны дотор хэргийн газрын үзлэг, шинжилгээ хариуцсан нэгж бий болгосон байна. Энэ газар эхнээсээ хэргийн газрын үзлэг нь хэргийн газрын мөрдлөгийн цогц үйл ажиллагаа гэсэн утгаар ойлгож ажиллах шаардлагатай юм. Учир нь Цагдаагийн байгууллагаас баримталж буй бодлого ч тэр, түүнийг хэрэгжүүлж байгаа албад ч тэр Шүүхийн шинжилгээний аймаг, нийслэлийн албадын зарим орон тоог, “техник хэрэгслийн”[8] хамт шилжүүлэн авснаар хэргийн газрын үзлэгийн чанар, зохион байгуулалт сайжирна гэж сэтгэж байгаа нь тэдний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас харагддаг.
Миний бодлоор бол бүх төрлийн магадлах шинжилгээ, хэргийн газрын үзлэг хийх үйл ажиллагаа нь салшгүй зүйл гэсэн ойлголтоосоо салах, шинийг эрэлхийлэх, сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй байна. Харин хэргийн газраас цуглуулсан биет нотлох баримт, хэргийн газрын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх, зарим оношлогооны болон нөхцөл байдлын шинжилгээ хийх лабораториудыг дүүрэг, орон нутгийн ЦГ, ЦХ-ийн бүтцэд бий болгох[9], Шүүхийн шинжилгээний албаны лабораториудыг[10] хууль сахиулах болон шүүхийн шатанд лабораторийн нарийн шинжилгээ хийдэг, мөн иргэн, захиргааны хэрэгт шинжилгээ хийх чиглэлээр нь хөгжүүлэх нь дэлхий нийтийн чиг хандлага төдийгүй Монгол орны онцлогт тохирсон хувилбар юм.


3.     Сургалт, хүний нөөцийн асуудал
ХСИС-д хэрэг мөрдөх чиглэлээр бэлтгэгдэж байгаа сонсогчдод шинжлэн магадлахуйн хичээл 10 багц цаг, хэргийн газрын үзлэгийн тактик, арга зүйн хичээл 5 багц цаг орж байна. Шинжлэн магадлахуйн хичээлүүд дотор мөртэй ажиллах арга зүй гэсэн хичээл (ул мөр тус бүрээр 6 цаг) орж байгаа учир мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч нар хэргийн газрын мөрдлөг явуулах, ул мөр цуглуулах хангалттай хэмжээний мэдлэг эзэмшдэг ажээ. Ийм мэдлэг эзэмшсэн атлаа яагаад заавал шинжээчийн хамт явж хэргийн газрын үзлэг хийх ёстой гэсэн ойлголттой байна вэ? Судалгаанаас үзэхэд бүтэц, зохион байгуулалт, удирдлагын арга барил нөлөөлж байгаа боловч сургалттай холбоотой хэд хэдэн учир шалтгаан байна. Үүнд:
-        Хичээлийн буруу үнэлэмж; Гэмт хэрэг мөрдөх чиглэлээр сурч буй сонсогчид криминалистикийн хичээлээс илүү эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хичээлд ач холбогдол өгдөг нь ажиглагддаг. Энэ нь жолооч болох гэж байгаа хүн машин барьж сурахаас  замын хөдөлгөөний дүрэм сурах нь илүү ач холбогдолтой гэж үзэж байгаатай адил юм.
-        Хичээлүүдийн уялдаа холбоогүй байдал; Хэргийн газрын үзлэг хийхтэй холбоотой хичээлүүд техник, тактик, арга зүй гэсэн тус тусдаа хичээлээр орж байгаа нь нэг цогц мэдлэгийг олгож чадахгүй байна.
-        Буруу жишиг; Гэмт хэрэг илрүүлэх шинжлэх ухаан болох криминалистикийн шинжлэх ухааныг явцуу байдлаар ойлгох болсон ойлголт. Тухайлбал хэргийн газрын үзлэгээр биет нотлох баримт цуглуулах ажлыг гэмт хэрэг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан гүйцэтгэх үүрэгтэй атал шинжээчид хамаатуулан ойлгодог. Энэ ойлголт нь уламжлал болон хувирсан бөгөөд Цагдаагийн албанд шинээр томилогдон очсон залуу алба хаагчдад буруу ойлголт, уламжлалаа өвлүүлсээр байна. Хууль сахиулах салбарын хүний нөөц бэлтгэж байгаа дүр зургийг үзвэл багш төвтэй, эрх зүйн болон онолын хичээлд суурилсан шинжтэй, суралцагч сургуульд биш бодит амьдрал дээр гарч “хашир туршлагатай” албан хаагчаас суралцах хэлбэрээр хэрэгжиж байна[11]. Энэ нь “тусгай мэдлэг”,  “шинжээч”, “мэргэжилтэн”, “шинжлэн магадлахуй” гэх мэт үндсэн ойлголтын талаарх онолын тогтсон томъёолол байхгүй[12] байгаатай нэг талаар холбоотой юм.
-        Совест буюу жудаг; Хүн нас барсан хэргийн газрын үзлэг хийх үед хуулиар зохицуулж боломгүй харилцаа байнга ажиглагддаг. Түүний нэг нь цогцсыг зөөх тухай асуудал. Энэ ажиллагаа хэргийн газрын үзлэгт оролцож буй алба хаагчдын хүн чанар, жудаг, ёс зүйгээр зохицуулагдаж байснаа сүүлийн үед хуулинд бичээгүй “үүрэг” болон хувирчээ. Өөрөөр хэлбэл хэргийн газрын үзлэгт оролцсон шинжээч, жолооч хоёр цогцсыг зөөж машинд ачих “үүрэгтэй” болжээ. Энэ асуудал хэдийгээр жижиг мэт боловч цаанаа сэтгэлзүйн том үр дагаварыг дагуулж байдаг.
-        Сургалттай холбоотой хүч, хөрөнгийг тарамдуулж байгаа байдал; ЦЕГ-ын ГХТГ-т хэргийн газрын үзлэгийн сургалтын төв байгуулахаар ажиллаж, ШШҮХ-ийн алба хаагчдаас зөвлөгөө авч байгаа нь санаачлагын хувьд сайшаалтай хэрэг. Гэвч сургалт явуулах мэдлэг, туршлага тааруу, эрх зүйн хувьд чадамжгүй газар үүнийг хэрэгжүүлж байгаа нь анзаарагдаж байна.

4.     Техник, технологи, инноваци
          Хэргийн газрын мөрдлөг нь тактик, арга зүй, техник хэрэгсэл, ур чадвар шаардсан ажил. Үүнийг зарим талаар туйлшруулан ойлгож тусгай зориулалтын техник, хэрэгсэл гадаадаас авчрахгүй л бол болохгүй байна гэсэн санаа бодол хуулийн байгууллагын бүх түвшинд оршсоор байдаг. Техник хэрэгслийн хангалтыг хэргийн газрын үзлэгт нэг удаа ч оролцож байгаагүй дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд хийж байдаг нь харамсалтай. “Миний тухай асуудлыг надгүйгээр бүү шийд” гэсэн үг байдаг.
Мөн Монгол орны уур амьсгал, нүүдэлчин ахуй зэрэг онцлогт тохирсон хэргийн газрын үзлэгийн техник хэрэгслийг бий болгох асуудал шинжээчдийн дунд яригдсаар ирсэн. Улс орны эдийн засаг нь хүнд байтугай хүнд биш улсууд өөрийн улсад эдгээр техник, хэрэгслээ үйлдвэрлэж ашигладаг. Тухайлбал ОХУ-д “Криминалистическая техника”, АНУ-д Sirchie, Lightning Powder зэрэг компаниуд энэхүү зориулалтын техник хэрэгслийг үйлдвэрлэж, заримыг нь цуглуулан, иж бүрдэл болгож хуулийн байгууллагын хэрэгцээг хангадаг.
Манай улсын хувьд ч зарим техник, хэрэгслийг өөрийн улсад үйлдвэрлэх, гадаадаас авч иж бүрдэл болгох нөөц бололцоо байна. Гадаад улсаас эдгээрийг бүгдийг нь худалдан авах нь “тусгай зориулалтын”, “иж бүрдэл” гэдэг утгаараа маш өндөр үнэтэй байдаг. Тухайлбал, ОХУ-аас бүх төрлийн мөр илрүүлж, бэхжүүлэх зориулалттай иж бүрэн цүнх гэхэд 26000-166000 рублийн үнэтэй буюу 1 000 000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Гадаадаас авсан хэргийн газрын үзлэгийн цүнхэнд л гэхэд дотор нь хэрэгцээгүй зүйл олон байдаг. АНУ-ын Sirchie компанийн үйлдвэрлэсэн гарын мөр илрүүлэх цүнхэнд хэд хэдэн төрлийн нунтаг байдаг. Тэдгээрийн зарим нь хэрэгцээнд огт тохирохгүй байх жишээтэй. БНХАУ-аас болон бусад улсаас авсан хэргийн газрын үзлэгийн цүнхэнд шошго бичих цаас, гипсэн цутгамалд хийх арматур мод, скоч, скоч наах дэвсгэр, өнхрүүш, тос, цүүц, хасуур, бахь, нэг удаагийн бээлий зэрэг багаж, хэрэгсэл, материал байдаг бөгөөд иж бүрдэл гэдэг утгаараа үнэтэй болж байгаа юм. Эдгээрийг ихэвчлэн БНХАУ, ХБНГУ, АНУ-ын ЭСЯ, Японы “Жайка” байгууллагын шугамаар, заримыг нь буцалтгүй тусламжаар авсан байдаг бөгөөд цаашид “бэлэг хүлээх” боломжгүй, худалдан авах хэрэгцээ гарах нь тодорхой.

ДҮГНЭЛТ

1. Хэргийн газрын “үзлэг” бус хэргийн газрын “мөрдлөг” гэж томъёолох нь зүйтэй бөгөөд одоо боловсруулж буй процессийн хуулийн нэг хэсэг болох Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулинд “хүний биед хийх үзлэг”, “эд зүйлд хийх үзлэг" зэргээс салгаж тусад нь бүлэг болгож оруулах нь зүйтэй юм. Ингэснээр мөрдлөгийн зохион байгуулалт, арга, тактик, мөрдлөг явуулах субъектийн талаар өргөн хүрээтэй бодож боловсруулах ажил, асуудал бий болно. Ер нь хууль тогтоомжийн шинэчлэлийг хүлээлгүйгээр наана нь бололцоотой бүх арга хэрэгслээр хэргийн газрын мөрдлөгийг цогц хэлбэрээр явуулах асуудлыг шийдэх нь зүйтэй юм.

2. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ дараах санааг ажилдаа тусгах шаардлагатай байна.
·       Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарт хэргийн газрын мөрдлөгийн бүхий л ажиллагааг хийдэг эрх, үүргийг нь ойлгуулж ажиллуулах, өөрөөр хэлбэл сэтгэхүйн шинэчлэл хийх;
·       Жижүүрийн албанд хэргийн газрын үзлэг хийх чиг үүргийг хариуцуулж байгааг өөрчилж, хэргийн газрын үзлэгийг хийсэн мөрдөн байцаагч цаашид тухайн хэргээ мөрддөг тогтолцоо (институци) бий болгох;
·       Хэргийн газрын мөрдлөгийн үед ажиллах тэмдэглэл хөтлөгч, гэрэл зурагчин, ул мөр цуглуулах чиг үүрэг бүхий орон тоог бий болгох. Харин үүнийг хуучин заншлаараа хавтгайруулж болохгүй, “жижиг” хэрэг дээр зөвхөн мөрдөн байцаагч л ажиллахад хангалттай.
·       Багийн зохион байгуулалтыг цагдаагийн байгууллагын дэргэд бий болговол багийн ахлагч, хэргийн газрын мөрдөгч, магадлах гэрэл зурагчин, тэмдэглэл хөтлөгч зэрэг бүрэлдэхүүнтэйгээр, жинхэнэ сонгодог утгаар нь байгуулах хэрэгтэй юм.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 онд баталсан журмаар ноцтой хэргийн газрын үзлэгт шинжээчид багаараа оролцох болсон. Гэхдээ энэ нь багийг сонгодог утгаар нь зохион байгуулсан хэрэг биш, ижил мэргэжлийн шинжээчид хамтаараа очиж, хэргийн газрын үзлэгийг хамжиж хийж байгаа хэрэг.
·       Шүүхийн шинжилгээний албадын орон тоог зөвхөн нарийн мэргэжлийн шинжээчдээр бүрдүүлэх, харин хэргийн газрын мөрдлөгт оролцдог мэргэжилтэн, техникийн ажилтныг цагдаагийн байгууллагад бий болгож ажиллуулах. Шүүхийн шинжилгээний албадын орон тооноос авч Цагдаагийн байгууллагад шинжүүлнэ гэсэн ойлголтоосоо салж, Цагдаагийн байгууллагад шинээр орон тоо бий болгох нь чухал. Үүнийг олон орон тоо нэмэхгүйгээр шийдэх боломжтой. Жишээ нь жолооч зураг авдаг, хүн амины хэргийн мөрдөгч нь эмч мэргэжилтэй байж болох юм. Үнэн хэрэгтээ жолооч зураг авч байгаа хэрэг бус магадлах гэрэл зурагчин нь автомашинаа жолоодож болно гэсэн санаа юм.
·       Харин Шүүхийн шинжилгээний албадад шинжээчийн орон тоон дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг Цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэг хийх үүрэг бүхий нэгжид орон тоогоор нь бус мэргэжилтнийх нь хувьд шилжүүлэн ажиллуулж болно. Ингэснээр нийслэл, орон нутгийн Шүүхийн шинжилгээний лабораториудыг нарийн мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж, шүүх эмнэлэг, гистологи, эдийн засаг, хими, биологи, физик, криминалистикийн нарийн төвөгтэй магадлах шинжилгээг хийх хүн хүчний боломжийг нэмэгдүүлнэ[13];

3. Хэрэг мөрдөх чиглэлээр бэлтгэгдэж байгаа сонсогчдод зааж буй хэргийн газрын үзлэгийн чиглэлийн хичээлийн агуулгыг өөрчилж хэргийн газраас олдох боломжтой олонхи биет нотлох баримтуудын ач холбогдол, тэдгээрт шинжилгээ хийснээр шийдвэрлэх асуудал, биет нотлох баримтуудыг хэрхэн цуглуулах, хамгаалах, шинжилгээнд хүргэх талаар мэдлэг олгох хичээлийг түлхүү оруулах, өөрөөр хэлбэл криминалистикийн шинжлэх ухааны үзэл баримтлал, ангилал, дарааллын дагуу бэлтгэсэн агуулгаар бус шинжлэн магадлахуйн  үзэл баримтлал, ангилал, дарааллын дагуу бэлтгэсэн сэдвээр хичээлийн хөтөлбөр боловсруулах нь ач холбогдолтой ч байж болох юм.
Мөн оросын эрдэмтдийн бий болгосон криминалистикийн шинжлэх ухааны мэдлэг, дэг сургууль, барууны орнуудад хэлбэршин тогтсон шинжлэн магадлахуйн ухааны мэдлэгийг зөв хослуулж Монгол орны цаг уур, хүн амын нягтаршил, нүүдлийн ахуй зэрэг онцлогийг харгалзан, хэргийн газрын мөрдлөгийг хэрхэн явуулах талаар хичээлийн хөтөлбөр боловсруулах нь зүйтэй юм. Энэхүү хичээлийн хөтөлбөрт хэргийн газрыг тодотгон дүрслэх[14] программыг эзэмшүүлэх хичээлийг нэмж оруулах.  Ер нь хэргийн газрын мөрдлөг явуулах техник, тактик, аргазүйн хичээлүүдийг Хэргийн газрын мөрдлөгийн цогц хичээлд багтаан судлуулах нь ач холбогдолтой.       
“Тусгай мэдлэг”,  “шинжээч”, “мэргэжилтэн”, “шинжлэн магадлахуй” гэх мэт үндсэн ойлголтын талаарх онолын тогтсон ойлголт, томъёолол бий болгох талаар судалгаа хийх.
Хүн нас барсан хэргийн газрын үзлэг хийх үед цогцсыг зөөх тухай асуудлыг журмаар зохицуулах, мөн ХСИС-ийн ёс зүйн хичээлийн агуулгад энэ сэдвийг заавал багтаах шаарлагатай юм.
 ЦЕГ-ын ГХТГ-ын санаачлан бий болгож буй сургалтын төвийг ХСИС-ийг түшиглэн байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

4. Хэргийн газрын үзлэгийн техник хэрэгслийн хангалтыг хийхдээ хэргийн газар ажиллаж байгаа албан хаагчид, судлаачдын санал, зөвлөмжийг авдаг механизмыг бий болгох.
Монгол орны нөхцөлд тохирсон техник, хэрэгсэл, нунтаг зэргийг бий болгох, хэргийн газрын үзлэгийн техник, хэрэгсэл, явуулын лабораторийг өөрийн оронд үйлдвэрлэх, тоноглох, иж бүрдэл болгох шаардлагатай байна. Хэргийн газрын үзлэгийн цүнхийг дотооддоо хийлгэх, иж бүрдэл болгоход гадаадаас худалдан авах үнээс даруй 2 дахин бага өртгөөр бэлтгэх боломж байгаа талаар судалж байсан бөгөөд автомашиныг тоноглож, явуулын лаборатори болгож байсан туршлага, хэргийн газрын үзлэгийн чиглэлээр шинэ бүтээлүүд гаргаж байсан туршлага ч бидэнд бий (Зураг-1,2).
Мөн хэргийн газрыг тодотгон дүрслэх, улмаар нөхцөл байдлын шинжилгээ хийх программыг ашиглах шаардлага тулгарч байна. АНУ-д хэргийн газрыг тодотгон дүрслэх 3D Crime Scene Mapping & Reconstruction, SceneVision-3D программыг аль хэдийн ашиглаж эхэлжээ.





[1] Т.Очирбат. Шинжлэн магадлахуй. УБ.2014., 69 дэх тал.
[2] Т.Очирбат. “Монгол улсын шүүх шинжилгээний байгууллага ба гадаад орнуудын шүүх шинжилгээний байгууллагууд” сэдэвт судалгааны дэд тайлан. УБ. 2013. 52 дахь тал.
[3] Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олох, гэмт хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэрэг гарсан газар болон эд зүйл, баримт бичигт үзлэг хийнэ.
[4] Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.
[5] Хуулинд зааснаар бол мэргэжилтнээр оролцох ёстой.
[6] Crime scene investigation
[7] Т.Очирбат. Шинжлэн магадлахуй. УБ. 2014. 41 дэх тал.
[8] Хэргийн газрын үзлэгийн техник хэрэгсэл гэдэг нь шинжээчдийн эзэмшиж буй хэдэн цүнх л юм. Тэдгээр цүнхийг байнга нөхөн хангалт хийдэг эргэлтийн материал бүрдүүлдэг. Үүнийг бичгийн цаастай адилтгаж үзэж болох юм. Харин цүнхний хувьд бол ЦБ-ын бүх газар, хэлтсүүдэд хэд хэдээрээ хадгалагдаж буй.
[9] Crime laboratory буюу Гэмт хэргийн адилтгалын лаборатори гэдэг. Ихэвчлэн ХГ-аас цуглуулсан биет баримтад үзлэг, анхан шатны оношлох шинжилгээ хийх, ам зураг гаргах, гарын хээний нэгдсэн сүлжээнд мөр илгээж хайлт хийх, программын тусламжтайгаар хэргийн газрыг тодотгон дүрслэх, Шинжлэн магадлах лабораторийн шинжилгээний хариуг нэгтгэж асуудлыг цогцоор дүгнэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь хэргийн газрын мөрдлөгийн салшгүй хэсэг байдаг бөгөөд бүтцийн хувьд тухайн нутаг дэвсгэрийн ЦБ-ын бүрэлдэхүүн байдаг.
[10] Forensic Laboratory буюу Шинжлэн магадлах лаборатори. Энэ лабораториуд криминалистикийн нарийн төвөгтэй, ховор тохиолдох шинжилгээнүүд, хими, биологи, ДНХ, бактериологи, физик, автотехник, компьютер судлал, цогцосны шинжилгээ, эд эс, сэтгэцийн шинжилгээ, эдийн засгийн шинжилгээг улсын хэмжээнд хийж, хоорондоо харилцан хамааралтай, нэгдсэн удирдлагатай ажилладаг. Хэргийн газрын мөрдлөгийн үед цуглуулсан биет баримтуудаас гадна бусад нотлох баримтууд, иргэн, захиргааны хэрэгт хийх шинжилгээ давамгайлдаг.
[11] Г.Оюунболд. Хууль сахиулах үйл ажиллагаан дахь шинэчлэл. Илтгэл. УБ. 2014.
[12] Б.Бат-Эрдэнэ. Статус специалиста и эксперта в судопроизводстве монголии. Диссертаци. М. 2009

[13] Аймгуудын Шүүхийн шинжилгээний албанд хийсэн криминалистикийн шинжилгээ 2013 онд 14-159 байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Аймгуудын ШША-ны шинжээчид хэргийн газрын үзлэг хийхэд ихэнх хүч бололцоогоо чиглүүлж байгаа нь ийм үр дагавар авчирч байна.
[14] Crime scene reconstruction
« Дараах

« Өмнөх
Өмнөх »

Дараах »

Та бүртгэлгүй бол Anonymous-г сонгон сэтгэгдлээ үлдээнэ үү.

Сэтгэгдэл бичсэнд баярлалаа