ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БУСАД БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН УЯЛДАА



Тогоохүүгийн Очирбат
ШШҮХ-ийн Шинжилгээний бүртгэл,
мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа,
ХСИС-ийн докторант

Шүүхийн шинжилгээний байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нотлон тогтоох ажилд хуулиар хүлээсэн үүргийн дагуу хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд шүүхийн шинжилгээтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд, тухайлбал шинжилгээний чанар, стандарт, хугацаа, бүртгэл, лавлагаа, объектын бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулсны хүчинд мэдэгдэхүйц ахиц гаргасан байна. Гэвч эрх зүйн зохицуулалт, байгууллагуудын уялдаа холбоо, бүтэц, зохион байгуулалт, сургалт, хүний нөөц буюу гадаад хүчин зүйлээс хамаарсан тулгамдсан асуудлууд байсаар байна.
Шүүхийн шинжилгээний байгууллагад 2013 онд 57980 шинжилгээ хийсэн нь өмнөх оныхоос 3,58 хувиар өссөн байна. Нийт шинжилгээг чиглэлээр нь авч үзвэл 14 хувийг криминалистикийн шинжилгээ, 20 хувийг хими, биологи, ДНХ, бактериологи, физикийн шинжилгээ, 66 хувийг шүүх эмнэлгийн шинжилгээ эзэлж байна[1]. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын криминалистикийн шинжээчид улсын хэмжээнд 28728 хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцсон бол шинжээч эмч нар 3669 хэргийн газрын үзлэгт оролцсон байна[2]. Тус байгууллага Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа боловч гэмт хэргийн өсөлт, гэмт үйлдлийн шинж, нийгмийн бусад өөрчлөлттэй холбоотойгоор тулгамдаж байгаа олон асуудал байна. Эдгээр асуудлууд нь хуулийн болон хууль сахиулах бүхий л байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлууд гэж үзэж болох бөгөөд энэхүү судалгааны ажлаар зөвхөн шүүх шинжилгээ хийхтэй холбоотой зарим  асуудлыг авч үзлээ. Тулгамдаж буй асуудлуудыг хоорондоо уялдаа холбоо бүхий 5 үндсэн чиглэлд багцлан хувааж үзэж болохоор байна.
1.     Эрх зүйн зохицуулалт, байгууллагын уялдаа холбооны асуудал
2.     Бүтэц, зохион байгуулалтын асуудал
3.     Сургалт, хүний нөөцийн асуудал
4.     Техник, технологийн асуудал
5.     Эрдэм шинжилгээ, судалгааны ажил, түүний үр шимийн тухай асуудал
Дээрх тулгамдаж байгаа асуудлуудаас Эрх зүйн зохицуулалт, байгууллагын уялдаа холбооны асуудал, Сургалт, хүний нөөц, Техник, технологийн асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай гэж үзэж энэхүү илтгэлд орууллаа.
ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБООНЫ АСУУДАЛ:
Шүүх шинжилгээ хийхтэй холбоотой, цаашилбал гэмт хэргийг илрүүлж, нотлохтой холбоотой харилцааг зохицуулсан хууль эрх зүйн актууд нь байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж чадахгүй байна, Хангаж чадаж байлаа ч хуулийг хэрэгжүүлж, хуулийн заалтыг зөв ойлгож ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ хэлсэнчлэн “хуулийн байгууллагууд нь байшин барилгынхаа бохирын шугамаар холбогдож байгаагаас бус алба хаагчдын уураг тархиар холбогдохгүй байна” гэж үзэж болох юм. Энэ нь дараахь үйл ажиллагаануудад илэрхий ажиглагдаж, ажлын доголдол үүсгэж байна.
- лавлагаа мэдээлэл; хэргийг шийдвэрлэх явцад сэжигтэн, бусад эд зүйл, танигдаагүй цогцосны талаарх лавлагаа мэдээлэл олж авах, солилцох механизм тааруу байгаагаас хэрэг мөрдөх чиг үүрэг бүхий албан хаагчдад хүндрэл үүсгэж, цаг алдахад хүргэж байна. Аймаг, нийслэлийн ЦГ, ЦХ-үүдийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нартай уулзаж судалгаа явуулахад “хэргийг шалгах явцад байгууллагуудаас сэжигтний талаар лавлагаа авахад маш их цаг хугацаа зарцуулж байна” гэжээ.
Хэргийг шалгах явцад хууль сахиулах байгууллагын албан хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 29-р зүйлд заасан 21 төрлийн лавлагаанаас гадна УЕП-ын Эрүүгийн хэргийн төв архиваас эрүүгийн хэргийн лавлагаа, ШШҮХ-ээс гарын хээний лавлагаа, сум, хонгио, генетикийн мэдээлэлийн лавлагаа, нэр хаяг тогтоогдоогүй, хариуцах эзэнгүй хүний цогцосны лавлагаа авч байна. Мөн бусад 18 байгууллагаас лавлагаа авах шаардлага тулгардаг. Тухайлбал,
·       УБЕГ-аас иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,
·       Татварын ерөнхий газраас өр, аж ахуйн нэгж, үйл ажиллагааны лавлагаа,
·       Арилжааны 16 банкнаас данс эзэмшигчийн, дансны үлдэгдлийн гэх мэт,
·       Нийгмийн даатгалын газраас даатгал төлж байгаа эсэх талаар,
·       Иргэний харъяалал , шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэх талаар,
·       ШШГЕГ-аас ял шийтгэл эдэлж байгаа эсэх талаар,
·       Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаа эзэмшиж байгаа талаар,
·       Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн алба хаасан эсэх талаар гэх мэт лавлагааг авч байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нэр хаяг тогтоогдоогүй, хариуцах эзэнгүй цогцосны мэдээллийн сангаас 135, гарын хээний Папилон сангаас 34, галт зэвсгийн хошуу, хонгионы сангаас 8, гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийлгэсэн эсэх талаар 307 лавлагааг 2013 онд бусад хууль сахиулах байгууллагын алба хаагчид авсан байна.
Мөн 181 хэргийн газраас олдсон гарын мөр ШШҮХ-ийн гарын мөрний Папилон санд буй гарын мөртэй тохирсон боловч эдгээрээс 64 хэрэг нь гэмт хэргийн мэдээнд бүртгэгдэж, 107 гэмт хэргийн мэдээ бүртгэгдээгүй байна. Энэ нь мөн хууль сахиулах байгууллагын уялдаа холбоо муу байгаагийн нэг илрэл юм.

- шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргуулахаар тогтоол, захирамж гаргадаг байдал; Өнгөрсөн жил зам тээврийн осол хэргийг шийдвэрлэх явцад осол гарсан зам нь нийтийн хэрэгцээний замд хамаарах эсэхийг шийдвэрлүүлж, дүгнэлт гаргуулахаар шинжээчид хандсан тогтоол Прокурорын байгууллагаас 2 удаа ирүүлсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол шинжилгээ хийхээс татгалзана” гэж заасан. Дээрх тохиолдолд хуулийн заалтаар шийдэх асуудлыг шинжээчид тавьсан байна.
- шинжээч томилох тухай тогтоол, захирамж алдаатай, утга, агуулга нь тодорхойгүй байдаг асуудал. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн тогтоол, захирамжийн утга, агуулга нь шинжээчдэд ойлгомжгүй байх тохиолдол багагүй гардаг. Үүнээс үүдэн тавьсан асуултыг буруу ойлгох, улмаар шийдвэрлэх гэж буй асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй байх явдал гарч байна. Энэ асуудал нь шүүх, хууль сахиулах байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлын нэг хэсэг гэж үзэж байна. Тухайлбал Авлигатай тэмцэх газраас 2013 онд ирүүлсэн 32 тогтоолыг баталгаажуулсан гарын үсэг байхгүй байна. Шүүхээс ирүүлсэн 5 захирамжид шинжээчээс асуусан асуулт байхгүй, өөрөөр хэлбэл “энэхүү хэргийн учрыг олж өгнө үү” гэсэн утгаар захирамж гаргасан байх жишээтэй. Тогтоол захирамжид дараахь нийтлэг дутагдлууд байнга тохиолдож байна. Үүнд:
·       Тогтоол бүрийн агуулга, бүтэц өөр өөр, нэг загвартай биш;
·       Болсон хэргийн товч утгыг огт дурьдаагүй;
·       Шинжээчээс ямар асуулт асууж байгаа нь тодорхойгүй, заримдаа байхгүй;
·       Зарим асуулт нь шинжээчийн тусгай мэдлэг шаардахааргүй, өөрөөр хэлбэл мөрдөн байцаагч үзлэг хийж, тодорхойлон бичих асуудал байна;
·       Шинжилгээнд ямар объектуудыг, яаж битүүмжлэн хүргүүлсэн нь тодорхойгүй;
- шинжээчийн дүгнэлтийг “шүтэх” хандлага бий болсон; Шинжээчийн дүгнэлтийг шүтэж байгаадаа бус, бусад баримтаар нотлох ажиллагааг хийхгүй байгаа тал ажиглагдаж байна. Энэ хандлага хуулийн байгууллагуудын дунд бий болоод зогсохгүй нийгэмд бий болсон сөрөг ойлголт юм. Жишээ нь 2014 оны 05 сарын 12-ны өдөр SBN телевизийн мэдээгээр “БЗД-ийн нутагт 2 хүний амь насыг хохироосон хэрэг гарсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарснаар уг хэрэг эцэслэн шийдэгдэх юм” гэж мэдээлж байсан бөгөөд ийм жишээ олон байна. Энэ нь аливаа хэрэг Шүүхээр эцэслэн шийдэгдэх ёстой атал шинжээчийн дүгнэлтээр шийдэгддэг гэсэн буруу ойлголтыг нийгэмд бий болгосноос болж Шүүхийн шинжилгээний байгууллагын нэр хүнд, цаашлаад хууль сахиулах байгууллагын нэр хүнд унаж байна.
- шинжилгээний хугацаа; Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11.2-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь объектын тоо хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан шинжилгээ хийх хугацааг тогтооно” гэж заасан. Энэ заалт амьдралд хэрэгжихэд төвөгтэй байгаа нь анзаарагддаг. Учир нь шинжээч томилж буй албан тушаалтан тухайн шинжилгээний цар хэмжээ, онцлогийн талаар мэдлэг муутай, нөгөө талаар шинжээчдийн ажлын ачаалалтай холбоотойгоор хууль зөрчигдөх байдал харагдаж байна. Мөн шинжилгээний хугацаанаас болж хэрэг шийдэгдэхгүй удааширч байна гэсэн шүүмжлэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага хүлээн авч энэ тал дээр ахиц дэвшил гаргаж байгаа ч, нөгөө талаар энэ шүүмжлэлийг шүүхийн шинжилгээг ойгодоггүй, нэгдмэл ойлголтгүй, бурууг бусдад тохоох хандлагаар гаргаж байгаа нь анзаарагддаг. Жишээ нь, УЕП-ын туслах Б.Үнэнбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “зарим хүнд төрлийн гэмт хэргүүд шинжилгээний дүгнэлтийг хүлээсээр байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болдог байна[3]” гэсэн ярилцлага өгсөн байх юм.
Шүүхийн шинжилгээний байгууллагаас бүх төрлийн шинжилгээ хийхэд шаардагдах “жишиг хугацаа”-ны талаар хууль сахиулах байгууллагын алба хаагчдад хүргүүлсэн боловч түүнийг төдийлөн баримтлахгүй байна. Тогтоосон хугацаанаас хэтрүүлэн гаргасан дүгнэлтийн талаар хэдэн төрлийн шинжилгээнд судалгаа хийж үзэхэд дараах дэвшилттэй тал харагдаж байна.
Шүүх эмнэлгийн шинжилгээ:
Шинжилгээний төрөл
Судалгаа хийсэн шинжилгээний тоо
Хугацаа хэтэрсэн дүгнэлт
2012
2013
Шүүх эмнэлгийн шинжилгээ
Цогцосны задлан шинжилгээ
556
14,5%
10,2%
Гэмтлийн зэрэг тогтоох шинжиллгээ
3857
11,8%
4,7%
Хэргийн материалаар хийсэн шинжилгээ
185
15,1%
5%

Криминалистикийн шинжилгээ:
Шинжилгээ хийсэн хугацаа
Шинжилгээний тоо /100 шинжилгээнд судалгаа хийв/
2012
2013
Өдөртөө гарсан дүгнэлт
-
2
1-3 хоног
6
22
4-7 хоног
11
26
8-14 хоног
23
34
15-20 хоног
36
7
20-дээш хоног
24
9

Биологи, ДНХ, Бактериологи, Хими, Физикийн шинжилгээний чиглэлээр:
Хэтэрсэн хоног
Хугацаа хэтэрсэн шинжилгээ /500 шинжилгээнд судалгаа хийв/
2012
2013
1-4 хоног
23
-
5-7 хоног
4
7-дээш хоног
12

Мөн шинжилгээний хугацаа алдалтыг багасгахад Шүүхийн шинжилгээний байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар шинжилгээ томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас авсан санал асуулгаас харахад санал асуулгад хамрагдсан 70 мөрдөн байцаагч, шүүгчийн 3-аас бусад нь “ахиц гарсан” гэсэн үнэлэлт өгсөн байна.
Хэдийгээр хугацаа алдаж буй шинжилгээ багассан дүр зураг харагдаж байгаа боловч энэ нь шинжилгээний чанарт нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Тухайлбал, цогцсыг шинжилгээний байгууллагад авчирмагц нэн даруй шинжилгээ хийхийг шаарддаг явдал. Цогцос хөшиж, хөрөөгүй байхад задлан шинжилгээ хийснээр үхлийн шалтгаан тодорхой тогтоогдохгүй байх талтай гэж шинжээч эмч нар үздэг. Учир нь  үхлийн шалтгааныг илэрхийлэх шинж тэмдгүүд 24 цагаас илүү хугацааны дараа эд, эс, эрхтүүдэд илэрдэг байна.  

- хүний биед хийх шинжилгээ, гэмтлийн зэрэг тогтоох асуудал; Шүүхийн шинжилгээний байгууллагад хийж байгаа шинжилгээний тал хувийг хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ эзэлж байна. Өнгөрсөн жил 29370[4] шинжилгээ хийсэн нь нийт шинжилгээний 50,6% болж байгаа бөгөөд өдөрт дунджаар 80 хүнд шинжилгээ хийж байна гэсэн үг юм. Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 189/385 дугаар тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хийдэг. Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг хийх явцад хэд хэдэн асуудал тулгарч байна. Үүнд:
·       Бичиг баримтгүй хүнийг явуулдаг, оронд нь өөр хүн үзүүлсэн тохиолдол гарч байсан байна.
·       Согтуу хүнд тогтоол өгөөд явуулдаг         
·       Их хэмжээгээр бэртэж гэмтсэн хүнийг шууд Шүүх эмнэлэгт үзүүл гэж явуулдаг, зөвхөн өөрсдийн ажлаа бодох биш тухайн хүний эрүүл мэнд, амь насыг бодох хэрэгтэй байна.
Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг хэргийн оролцогчдын аль нэг тал нь хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, гэмтсэн, гэмтээсэн аль нэг талд ашиггүй нөхцөл байдлыг бий болгодгоос шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан болж байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журамд гэмтлийг 3 зэрэгт ангилж үздэгтэй нэг талаар холбоотой  гэж үзэж байна.
- шинжилгээний төлбөртэй холбоотой асуудал: Шүүхийн шинжилгээний байгууллагад хийж буй хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ, цогцост хийх шинжилгээ, эцэг, эх тогтоох ДНХ-ийн шинжилгээ төлбөртэй байдаг. Төлбөрийг Монгол улсын ХЗДХ-ийн болон Сангийн сайдын 2008.07.07-ны өдрийн 170/271 тоот тушаалаар баталсан “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-ын дагуу хураан авч Төрийн сангийн дансанд төвлөрүүлдэг. 2013 онд 217,910,100 төгрөгийн орлогыг төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байна. Төлбөрийн орлого ШШҮХ-д шаардлагатай техник хэрэгсэл, урвалж бодис худалдан авахад зарцуулагддаггүй, төлбөрөөс болж иргэдэд чирэгдэл учирдаг, шүүхийн шинжилгээний байгууллага иргэдийн хооронд үл ойлголцол бий болгож, тэр хэмжээгээр хуулийн байгууллагуудын нэр хүндийг унагаадаг асуудал юм.
- эдийн засгийн шинжилгээний дүгнэлтийг комиссын хурлаар оруулдаг асуудал; Эдийн засгийн шинжилгээ хийх журмын 4.3-т “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэргэд шинжээчийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий Орон тооны бус төв комисс ажиллах ба бүрэлдэхүүнийг Шүүхийн шийнжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал батална”[5] гэж заасан бөгөөд энэ журмын дагуу дүгнэлтээ 14 хоногт нэг удаа хуралддаг комиссын хуралдаанаар хэлэлцүүлж байгаа нь шинжилгээний хугацаа удаашрах нэг шалтгаан болж байна. Мөн шинжээч хараат бус байх, нууцыг хадгалах хуулийн зарчим алдагдахад хүрч байгаа асуудал юм.
- дахин, бүрэлдэхүүнтэй шинжилгээний талаар; Ихэвчлэн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ, гарын үсгийн шинжилгээг дахин томилох явдал гарч байна. Нэг шинжилгээг хэд хэдэн удаа томилдог, шинжээчдийн тоог 3,5,7,9 гэх мэтээр заадаг асуудал нь дээр хэлсэнчлэн шинжээчийн дүгнэлтээр бүх асуудлыг шийдэхээр хүлээж суудаг хандлага газар авсантай холбоотой юм. 2013 онд 1000 орчим шинжилгээг дахин шинжлүүлсэн нь нийт шинжилгээний 1,7 хувийг эзэлж байна. Дахин шинжилгээ хийлгэх эрх нь шинжээч томилох эрх бүхий субъектүүдэд хуулиараа нээлттэй боловч маргааныг зөвхөн шинжээчийн дүгнэлтээр эцэслэн шийдэх хандлага практикт бий болсон, өөрөөр хэлбэл дүгнэлтээр гул барьж хэргийг эцэслэн шийддэг болсон. Энэ нь сайн үр дүн авчрахгүй юм.
Мөн дахин шинжилгээ хийлгэхдээ шинжээчийн бүрэлдэхүүнийг гаднын байгууллагаас томилох нь нийтлэг тохиолдол бөгөөд тэдгээр мэргэжилтнүүдийг шинжээч өөрөө олж шинжилгээ хийлгэх, дүгнэлтэнд хүрсний дараа гарын үсэг зуруулах гэх мэт бэрхшээлтэй асуудлууд хэргийн материалаар хийдэг шүүх эмнэлгийн шинжилгээн дээр ихэвчлэн тохиолдож байна. Хуулинд зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргах ёстой. Гэвч дээрх шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагад ирүүлдэг, бүрэлдэхүүнд оролцох ихэнх нарийн мэргэжлийн эмч нарыг гаднаас томилдог асуудал хуулиар зохицуулагдаагүй байсаар байна. Жишээ нь Дүүргийн  шүүхээс   иргэн Н-ийн нэхэмжлэлтэй  иргэний  хэрэгт шинжилгээ хийлгэхээр  шинжилгээний хүрээлэнд  2014-02-10-ны  өдөр ирснийг хүлээж  аваад  2014-02-11-ны  өдрийн  нарийн мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нарыг  томилон нэрсийг ирүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн байна. Тус шүүхээс 2014-03-06-ны өдөр мэргэжлийн салбар зөвлөлийн эмч О, Ш нарыг томилсон тухай албан бичгийг ирүүлжээ. Ингээд томилогдсон нарийн  мэргэжлийн эмч нар руу хэргийг  явуулсан бөгөөд 2014-05-01-ны өдөр  хариу ирсэн байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсээс бүрэлдэхүүнд орсон шинжээч эмч нар 2014-05-08-ны өдөр дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтэнд  нарийн  мэргэжлийн  эмчийн  нарын  гарын  үсгийг  зуруулах  тухай шүүгчийн туслахад мэдэгдэхэд та нар зуруулчих гэсэн хариуг хэлсэн бөгөөд тухайн эмч нар руу дүгнэлтийг явуулсан боловч нэг эмч нь одоо хүртэл гарын үсгээ зураагүй байна. Дээрх процессийг тухай бүрт нь шүүгч, шүүгчийн туслахад мэдэгдэж байсан боловч 2014-05-12-ны өдөр Шинжилгээний хүрээлэнд ирүүлсэн албан бичигт “2014-01-29-ны өдөр хүргүүлсэн иргэний хэргийн дүгнэлт одоо хүртэл гараагүй хугацаа алдаж байнагэсэн  утгатай албан бичиг ирүүлсэн байх юм.  Үүнээс харахад шинжилгээ хийлгэхээр 01 сарын 29-нд шүүгчийн захирамж гарсан боловч Шүүх болон Эрүүл мэндийн салбар зөвлөлөөс томилогдсон шинжээчийн хариуцлагүй байдлаас болж одоо хүртэл дүгнэлт нь гараагүй байна. Үүний цаана хохирсон иргэд Шүүхийн шинжилгээний байгууллагаас болоод хэрэг шийдэгдэхгүй байгаа гэсэн ойлголттой хүлээж суугаа нь тодорхой юм.
- талуудын тэгш байдал, шинжилгээ хийлгэх тухай иргэдийн хүсэлтийг хангах асуудал; Шүүхийн шинжилгээний тухай хуулинд зааснаар шинжилгээ хийх үндэслэл нь “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна”[6]. Энэ заалт нь хэргийн оролцогчдын эрхийг зөрчиж байна гэж зарим судлаачид үздэг. Зөвхөн яллах талд үйлчилсэн заалт гэж үзэх нь бий.
Мөн иргэдийн зүгээс эцэг, эх тогтоох шинжилгээ ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг өнгөрсөн жилд 150 орчим удаа гаргасан байгаа судалгаа байна. Овог солиулах, хүүхдээ өөрөөрөө овоглох, ЭСЯ-нд виза мэдүүлэх зэрэг хүсэлтийг Шүүх “маргаангүй” гэсэн шалтгаанаар хүлээж авдаггүй, УБЕГ “шинжээчийн дүгнэлт гаргуулаад ир” гэсэн шаардлага тавьдаг, ЭСЯамд өөрсдийн улсын хуулийн дагуу “нотолгоо” шаарддаг гэх мэт асуудлуудаас болж иргэд хаана хандахаа мэдэхгүй байдалд хүрч байгаа жишээ олон байна.
СУРГАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ:
- сургалтын бодлого; Хуулийн байгууллагуудын дунд шүүх шинжилгээний талаар нэгэн буруу ойлголт байдаг, “криминалистик” гэсэн нэр томъёогоор илэрхийлэгдсэн бүхнийг Криминалистикийн шинжилгээний байгууллагатай холбож үзэх болсон явдал юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг илрүүлэх шинжлэх ухаан болох криминалистикийн шинжлэх ухааныг явцуу байдлаар ойлгох болсон гэсэн үг. Энэ нь криминалистик зөвхөн шинжээчид хамаатай гэсэн ойлголт юм. Энэхүү буруу ойлголт өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа нь хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүн, хууль сахиулах ажилтныг бэлддэг боловсролын тогтолцоонд ч ажиглагдсаар байдаг. Тухайлбал хэргийн газрын үзлэгээр биет нотлох баримт цуглуулах ажлыг гэмт хэрэг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан гүйцэтгэх эрхтэй атал зөвхөн шинжээчид хамаатай мэтээр ойлгодог. Мөн гэмт хэрэг мөрдөх чиглэлээр сурч буй сонсогчид криминалистикийн хичээлээс илүү эрх зүйн хичээлд ач холбогдол өгдөг тал ажиглагддаг. Энэ нь жолооч болох гэж байгаа хүн машин барьж сурахаасаа  замын хөдөлгөөний дүрэм сурах нь илүү ач холбогдолтой гэж үзэж байгаатай адил юм. Мөн ХСИС-иас бусад хуулийн сургуулийг төгссөн мэргэжилтнүүд Шүүх, прокурорын байгууллагад ажиллаж байна. Зарим сургуулиудад криминалистик, шүүх шинжилгээний хичээлийг мэргэжлийн бус хүн зааж байгаа жишээ бий.
- ажлын хэт ачаалал; Хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь хууль сахиулагчдын үүрэг боловч хэргийн хугацаа, ажлын хэт ачааллаас болж аливаа хэрэг маргааныг бүрэн төгс шийдвэрлэж чадахгүй байгаа тал бүх хуулийн байгууллагуудын нийтлэг дүр төрх болсон байна. Энэ байдал нь эрх зүйн зохицуулалт, байгууллагын уялдаа холбоо, бүтэц зохион байгуулалтаас шалтгаалж байгаа боловч хүний нөөцийн бодлоготой шууд хамаатай асуудал гэж үзэж байна. Хэргийг гардаж мөрддөг, шийдвэрлэдэг, шинжилдэг албан хаагчдын тоо бага байгаагаас хэт ачаалалтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл шинжилгээг “үйлдвэрлэл”-ийн загвараар хийж байгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримт бүрдүүлэх явдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төв лабораториуд буюу Криминалистикийн шинжилгээний хэлтэс, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс, Тусгай шинжилгээний хэлтэс, Эдийн засгийн шинжилгээний хэлтэст 2013 оны байдлаар нийт 121 шинжээч, лаборант, оператор, туслах ажилтан ажиллаж байна[7].
Криминалистикийн шинжилгээний хэлтэс
Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс
Тусгай шинжилгээний хэлтэс
Эдийн засгийн шинжилгээний хэлтэс
46 албан хаагч
(үүнээс 38 шинжээч)
Нийт 45 албан хаагч
(үүнээс 26 шинжээч эмч)
22 албан хаагч
(үүнээс 15 шинжээч)
8 албан хаагч

2012 онд хийсэн шинжилгээг шинжээчдийн тоонд харьцуулбал:
Шинжилгээний төрөл
Криминалис-тикийн шинжилгээ
Шүүх эмнэлгийн шинжилгээ
Хими, биологи, ДНХ, бактериологи, физикийн шинжилгээ
Эдийн засгийн шинжилгээ
Нийт шинжилгээ
4042
17783
12691
278
Нэг шинжээчид оногдох шинжилгээ

106

683

846

35

Дээрх судалгаанаас харвал зарим төрлийн шинжилгээ, тухайлбал биологийн шинжилгээ гэхэд 1 шинжээч жилд 800 гаруй өдөрт 3,3 шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж байгаа байдал харагдаж байна.
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛ:
Техник, технологийг шинэчлэх, шинээр авч ашиглах олон асуудал тулгарч байна. Тэдгээрээс эн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь бидний судалгаагаар Шүүх эмнэлгийн шинжилгээнд буюу хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний явцад шаардлагатай болдог нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо, шаардлагатай техник хэрэгслийн (КТГ, MRI, Рентген, Тархины цахилгаан бичлэгийн төхөөрөмж, ЭХО, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат гэх мэт) асуудал гэж үзэж байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэст 2014 онд хийсэн хүний биед гэмтлийн зэрэг тогтоох 3000 шинжилгээнд судалгаа хийхэд 1706 шинжилгээнд нь гаднын эмнэлэг, лабораторийн нарийн мэргэжлийн эмч, техник хэрэгслийн тусламжийг авсан байна. Энэ байдал нь шинжилгээ хийхэд хугацаа алдахаас гадна шинжээчийн дүгнэлтэнд ч буруугаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шинжлүүлэгч ямар нэгэн эмнэлэг, лабораторийн хариуг өөрт ашигтай байдлаар гаргуулан авчрах магадлал өндөр байна.
Дотрын эмчид
Зүрхний цахилгаан бичлэг
КТГ
Лабораторийн шинжилгээ
MRI
Мэдрэлийн эмчид
Нүдний эмчид
Нүдний эхо-д
рентген
Сонсголын бичлэг
Тархины цахилгаанбичлэг
урологи
Цээж гэрэлд харах
Чих хамар хоолойн эмчид
Шүдний эмчид
Эмэгтэйчүүдийн эмчид
Эрүү нүүрний мэс заслын эмчид
Бөөрний эмчид
эхо-д /дотор, эмэгтэйчүүд/
нэмэлт
Нийт
1
1
799
117
13
26
55
1
376
1
6
2
52
51
6
8
3
1
166
21
1706











ДҮГНЭЛТ, САНАЛ
ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБООНЫ АСУУДАЛ:
1.     Хууль сахиулах байгууллагуудын лавлагаа, мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож ашиглах;

ШБМХ, ШЭШХ
 

Нэр, хаяг тодорхойгүй, хариуцах эзэнгүй цогцосны мэдээллийн сан
 
 








           

Text Box: Цагдаагийн байгууллагаText Box: Тагнуулын байгууллагаText Box: Тахарын албаText Box: ШШБ газарText Box: ШүүхText Box: Прокурор
 















2.     Шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргуулахаар тогтоол, захирамж гаргадаг байдал цөөнгүй гарч байгаа тул хуулийн хоёрдмол утгатай заалтуудад тайлбар гаргуулж, нэгдмэл ойлголттой болох, шүүх, прокурорын байгууллага хуулийг зөв ойлгож, хэрэглэдэг болоход анхаарах хэрэгтэй байна;
3.     Шинжээч томилсон тогтоол, захирамжийн агуулга, бүтэц харилцан адилгүй, өөрөөр хэлбэл, тогтоол, захирамжийг гаргахдаа шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч өөрийн дураар бичих хандлага түгээмэл ажиглагдаж байна (Хавсралт-1). Цаашид шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд “Шинжилгээ хийлгэх хүсэлт”-ийн маягтыг бөглөж байх нь зүйтэй гэж үзэж байна. Дээр дурьдсан “Шинжилгээ хийлгэх хүсэлт”-ийн талаар Монгол улсын нөхцөл, уламжлал, хуулийн орчинд нийцүүлэн боловсруулж Шүүх шинжилгээний үйл ажиллагааны тухай хуулинд тусгуулах шаардлагатай бөгөөд “Шинжилгээ хийлгэх хүсэлт”-ийн маягтыг PDF форматаар шууд татаж авах, компъютер дээр бөглөх боломжтой байхаар цахим хэлбэрээр байрлуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Хуулийн төсөлд оруулахдаа:
a.      Эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх хүсэлтийг шинжилгээний байгууллага, шинжээчид гаргана.
b.     Хүсэлтийн маягтыг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд батална... гэсэн агуулгатай байж болох юм;
4.     Аливаа хэрэг Шүүхээр эцэслэн шийдэгдэх ёстой атал шинжээчийн дүгнэлтээр шийдэгддэг гэсэн буруу ойлголтыг нийгэмд төрүүлсэн буруу ойлголтуудаас болж Шүүхийн шинжилгээний байгууллагын нэр хүнд, цаашлаад хууль сахиулах байгууллагын нэр хүнд унаж байна. Буруу ойлголт, хандлагыг өөрчлөх арга хэмжээг хууль сахиулах байгууллагууд шат шатандаа хамтран хэрэгжүүлэх;
5.     Шинжилгээний хугацаа нь тухайн шинжилгээний цар хүрээ, онцлогоос гадна байгууллагын ажлын ачаалал, шинжилгээнд ирүүлсэн объект, загвар, дээжийн бүрдэлтэй холбоотой байгаа тул түүнийг харгалзан үзэж шинжилгээний хугацааг Шүүхийн шинжилгээний байгууллагаас гаргасан журмыг баримтлан тогтоож байхаар хуулинд өөрчлөлт оруулах;
6.     Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний дүгнэлтэд хүнд, хүндэвтэр, хөнгөн, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж шууд заах нь буруу гэж үзэж байна. Шинжээч эмч зөвхөн гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацаа, амь насанд аюултай эсэхийг тогтоосон дүгнэлт гаргадаг, харин прокурор тухайн гэмтлийн шалгуур шинжээс үндэслэн гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоодог байх нь зүйтэй юм болов уу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шинжээч эмч “Эрүүл мэндийг хохироосон шалгуур шинжийг тогтоох стандарт”-ын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг, прокурор “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг үндэслэн гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтооно. Мөн гэмтлийг 3 зэрэгт ангилж байгаа нь практикт үл ойлголцол, маргаан дагуулах шалтгаан болж байна. Жишээлбэл, иргэн С, Н харилцан зодолдсоноос С-ийн зүүн гуян дээр түүний алганы хэмжээнээс арай том хэмжээтэй зөөлөн эдийн няцрал үүссэн, харин Н-ийн биед дээрхтэй адил гэмтлээс гадна хоёр нүд нь хөх няц болсон, хамар нь муруйсан, 2 шүд нь булгарч унасан гэмтэл үүссэн тохиолдолд гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжээр хоёул хөнгөн зэрэгт хамаарч байна. Гэмтлийн зэрэг тогтоолгохоор ирж буй шинжлүүлэгчдийн нэлээд хувь нь бусдын халдлагад өртөж, бичиг баримт, мөнгө төгрөгөө дээрэмдүүлсэн байдаг. Иймд Улсын бүртгэлийн газартай холбоотой ажиллаж, тухайн хүний мэдээллийг бичиг баримтаар бус, хурууны хээгээр нь мэдэх боломжийг судлаж нэврүүлэх шаардлагатай юм.
7.     Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмыг хүчингүй болгож, Эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад хүний бие, цогцост хийж байгаа шинжилгээг төлбөргүй болгох асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иргэн хүн амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах гэж төрд татвар төлдөг, гэтэл төр нь иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадаагүйнхээ төлөө нэмж төлбөр авч байгаа нь утгагүй хэрэг юм.
8.     Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүхийн шинжилгээ хийхэд баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.3-т “хараат бус байх”, 4.1.4- т “нууцыг хадгалах” гэж тусгажээ. Иймд “Эдийн засгийн шинжилгээ хийх журам”-д заасан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэргэд шинжээчийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий Орон тооны бус төв комисс ажиллах ба бүрэлдэхүүнийг Шүүхийн шийнжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал батална” гэж заасан нь хууль зөрчиж байна. Иймд журмын дээрх заалтыг хүчингүй болгуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.
9.     Дахин шинжилгээг 1-ээс дээш удаа томилох асуудлыг судлан үзэж, таслан зогсоох шаардлагатай гэж судлаачийн хувьд үзэж байна. Харин зөрүүтэй дүгнэлт гарсан тохиолдолд Шүүх хуралдаанд шинжээчдийг оролцуулж аль шинжээч нь шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт гаргасан болохыг шүүгч үнэлдэг байх нь зүйтэй юм. Мөн шинжилгээ хийх бүрэлдэхүүнд орсон нарийн мэргэжлийн эмч нарыг томилох, шинжилгээ хийхэд оролцуулах харилцааг хуулиар зохицуулах, шүүхийн хүнд суртлыг арилгах, хэргийг шийдвэрлэдэг механизмыг нь боловсронгуй болгох талаар холбогдох газрууд санаачлагатай ажиллах шаардлагатай байна. Хуулийн байгууллагуудын тусгай шууданг бий болгох, шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа шинжилгээний ажлын хөлсийг хэрхэх тухай шийдвэрлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.
10.  Өмгөөлөгч нар Хуульчдын холбоогоор дамжуулан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах боломжийг судлан, шинэчлэн найруулж буй шүүх шинжилгээний тухай хуулинд тусгах. Талуудын тэгш байдлыг эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэсэн жишээ нь АНУ-ын Арканзас мужийн Криминалистикийн лаборатори зөвхөн хууль сахиулах үүрэгтэй агентлагуудаас ирүүлсэн хүсэлтээр шинжилгээ хийдэг байсан боловч хууль сахиулах байгууллагуудын 79-р чуулганы үеэр Улсын өмгөөлөгчдийн хороонд /Public Defender Commission/ лабораторийн үйлчилгээг ашиглах эрх мэдэл өгсөн туршлага юм[8].
СУРГАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ:
11.  Хууль сахиулахын их сургуулийн сонсогчдод хамгийн түрүүнд хууль сахиулах байгууллагуудын тогтолцоо, чиг үүрэг, хоорондын уялдаа холбоо, аль чиглэлээр ажиллахад ямар мэдлэг чухал болохыг ойлгуулах сургалтыг оруулах. Бусад хуулийн сургуулиудад шүүх шинжилгээний чиглэлийн хичээлийг мэргэжлийн багш нараар заалгах ажлыг бодлогоор дэмжих;
12.  Хууль сахиулах салбарын хэмжээнд хэрэг мөрддөг, шинжилгээг гардан хийдэг, шинжилгээ хийхэд туслах үүрэгтэй оролцдог (лаборант, туслах ажилтан, бага эмч зэрэг) хүний нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Шаардлагагүй орон тоог багасгаж шинжээчдийн орон тоонд шилжүүлэх шаардлагатай байгаа нь судалгааны явцад ажиглагдлаа.
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛ:
13.  Шүүхийн шинжилгээний байгууллагад хийж буй шинжилгээний 50 хувийг эзэлж байгаа хүний биед хийх шинжилгээний талаас илүү хувьд нь буюу 15 000 шинжилгээнд нарийн мэргэжлийн эмчийн оношлогоо, багаж төхөөрөмж шаардлагатай болж байгаа тул КТГ, MRI, Рентген, Тархины цахилгаан бичлэгийн төхөөрөмж, ЭХО, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат гэх мэт багаж, тоног төхөөрөмжийг яаралтай авч ашиглах, түүн дээр ажиллах нарийн мэргэжлийн эмч нарын орон тооны асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна.


















Хавсралт-1

Description: request for.jpg





[1] Шүүх шинжилгээний статистик. УБ., 2013. 4 дэх тал.
[2] Шүүх шинжилгээний статистик. УБ., 2013. 34 дэх тал.
[4] Шүүх шинжилгээний статистик. УБ., 2013. 5 дахь тал.
[5] Эдийн засгийн шинжилгээ хийх журмын 4.3 дахь заалт.
[6] Шүүхийн шинжилгээний тухай хууль. 5.1 дэх заалт.
[7] Т.Очирбат. Шүүх шинжилгээний байгуулагын үйл ажиллагааны орчин, түүнд хийх шинэтгэл сэдэвт судалгааны ажлын дэд тайлан. УБ., 2013. 8 дахь тал.

[8] http://www.crimelab.arkansas.gov/
« Дараах

« Өмнөх
Өмнөх »

Дараах »

Та бүртгэлгүй бол Anonymous-г сонгон сэтгэгдлээ үлдээнэ үү.

Сэтгэгдэл бичсэнд баярлалаа